Талибаны эрх баригчид Афганистанд олон сар хоригдож байсан Их Британийн иргэдийг суллав

Талибаны эрх баригчид сүүлийн долоон сарын турш тодорхойгүй шалтгаанаар хоригдож байсан Их Британийн иргэд болох гэр бүлийн хосыг өчигдөр суллажээ.

80 настай Питер Рэйнолдс, түүний гэргий 75 настай Барби нарыг сулласан нь 2021 оноос хойш Афганистаныг засаглаж буй Талибанчуудын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүчин чармайлтын нэг хэсэг болж байна.

Рэйнолдсын гэр бүл сүүлийн 18 жилийн турш Афганистаны төв бүсийн Бамян мужид боловсролын байгууллага ажиллуулж байжээ.

Тэд Талибанчууд төрийн эрхийг авахад Афганистанаас явалгүй үлдсэн юм.

Ойрх Дорнодын Катар улсын эрх баригчид тэднийг суллуулахад зуучилжээ.

Хос хоёр Баасан гарагт Афганистанаас явсныг тус улсын дипломат эх сурвалж мэдээлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Британи дахь төрөл төрөгсөд нь Рэйнолдсынхныг суллуулахаар хөөцөлдөж, тэдэнтэй зүй бус харьцаж байгаа Талибанчуудыг шүүмжилдэг байв.

Харин Талибаны эрх баригчид зүй бус харьцдагаа үгүйсгэдэг ч тэднийг яагаад хорих болсон шалтгаанаа огт тайлбарладаггүй байжээ.

Өчигдөр Талибаны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар Балхи хос хоёр Афганистаны хуулийг зөрчсөн тул хоригдож байсан бөгөөд Баасан гарагт шоронгоос суллагдсаныг сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

Их Британийн засгийн газрын Афганистанд томилогдсон тусгай элч Ричард Линдсид тэднийг хүлээлгэн өгчээ.

зураг
 

“Афганистанд байгаа иргэдэд консулын тусламж үйлчилгээ үзүүлэх боломж маш хязгаарлагдмал байдаг. Тус улсад зорчихгүй байхыг бид иргэддээ зөвлөдөг” гэж Их Британийн парламентын гадаад харилцааны байнгын хорооны гишүүн Хамиш Фалконер мэдэгдсэн байна.

Долдугаар сард НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүд Рэйнолдсынхны бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд хурдтай доройтож байгаа, энэ хэвээр үргэлжилбэл амиа алдах эрсдэлтэйг анхааруулж байжээ.

Энэ сарын эхээр Талибаны засгийн газар харилцаагаа хэвийн болгох зорилтын хүрээнд АНУ-ын элчтэй ялтан солилцох тохиролцоонд хүрснээ мэдээлж байв.

Гуравдугаар сард тэд Афганистанд жуулчны шугамаар очоод баривчлагдсан АНУ-ын иргэн Жорж Глезманыг сулласан юм.

Рэйнолдсын гэр бүлийг сулласны хариуд Талибаны тал Британийн засгийн газраас ямар амлалт авсан нь тодорхойгүй байна.

2021 онд АНУ-ын цэрэг гарч явсны дараа Афганистанд үзүүлдэг Өрнөдийн тусламж дэмжлэг зогссоноор эдийн засгийн гүн хямралд нэрвэгдээд байгаа.

Талибаны засгийн газар өөрийгөө олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байгаа ч хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг асуудал үүнд гол саад болж байна.

Афганистан улсыг сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий нийтийн анхаарлын төвд оруулаад байгаа.

Тэрбээр саяхан Афганистанд үлдээсэн АНУ-ын агаарын бааз Баграмыг буцааж эзэмшихээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин Талибаны гадаад хэргийн яам түүний энэ санааг эрс няцаасан байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн