Төв шуудангийн урд талд байрлах Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлсэн асуудал гараад байгаа билээ.
Уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намын зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасныг хүргэж байна.
Мөн түүнчлэн өнөөдөр хотын дарга Б.Пүрэвдагва “Хулгайн сэдлээр зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцааж байрлуулна” хэмээн мэдэгдээд байгаа юм.
АРДЧИЛСАН НАМЫН МЭДЭГДЭЛ:
Монголын Ардчиллын түүхэн бэлгэдэл болсон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэлгүй хандаж, дур мэдэн буулгаж, зөөвөрлөсөн үйлдлийг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна!
Ардчиллын “Алтан хараацай” С.Зориг агсны хөшөөг түүнийг Төрийн ордон руу ажилдаа явж буйгаар дүрслэн бүтээсэн энэхүү хөшөө нь Монголын ард түмний хандиваар бүтсэн, түүний мөн чанар, үйл хэрэг, үзэл санааг мөнхөд илэрхийлсэн түүхэн дурсгал юм.
Хөшөө байрлаж буй газрыг Нийслэлийн ИТХ-ын 2024 оны 70 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Гэтэл энэхүү хөшөөг хэн, ямар байгууллагын зөвшөөрлөөр буулгаж, зөөвөрлөсөн, уг үйлдлийг хэн зөвшөөрсөн нь тодорхойгүй байна.
Мөн төрийн хамгаалалтад авсан энэхүү хөшөөг буулгах, зөөвөрлөх гэж байгаа талаар холбогдох ямар нэгэн байгууллагаас Ардчилсан намд албан ёсоор огт мэдэгдээгүй болно.
Иймд Ардчилсан нам уг асуудлаар хууль, хяналтын байгууллагуудад албан ёсоор хандаж, үүссэн нөхцөл байдлыг шалгуулан, хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсон тохиолдолд буруутай албан тушаалтанд нэн даруй хариуцлага тооцуулах, хөшөөг анхны байрлалд нь буцаан байрлуулах асуудлаар тууштай ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Санжаасүрэнгийн Зориг бол зөвхөн Ардчилсан намын гишүүн байгаагүй. Тэрээр Монголын ардчиллын түүхийг бүтээлцсэн, эрх чөлөө, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсийн төлөө тэмцсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, “Монголын ардчиллын эцэг” юм.
Монголын ард түмний эрх чөлөө, ардчиллын төлөөх хүсэл зориг, түүхэн ой санамжийн мөнхийн бэлгэдэл С.Зоригийн хөшөөг бууринд нь буцаан байрлуулж, Монголын ардчиллын бэлгэдэл үеийн үед мөнх орших ёстой. Энэ бол зөвхөн Ардчилсан намын бус, Монголын Ардчиллыг эрхэмлэдэг иргэн бүрийн үнэт зүйл учраас энэхүү дурсгалыг хамгаалж, хүндэтгэхийн төлөө Ардчилсан нам тууштай ажиллах болно.