Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын байгуулалтын талаарх сэдэв ойрын үед олны анхааралд ороод байна. Мөн нэр бүхий улстөрчид өөрсдийн байр суурийг илэрхийлээд буй.
Хоёр улсын хамтарсан томоохон энэхүү төслийн талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань ямар байр суурьтай байгааг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тодрууллаа.
Тэрбээр “Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр зам нь Хятад болон Монгол Улсын хил дамнасан төмөр замын хоёр дахь боомт. Энэ нь Замын-Үүд-Эрээн хотын төмөр замын боомтоос хойш 70 жилийн дараа байгуулагдаж байна.
Талууд үүнд өндөр ач холбогдол өгч байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёр улсын Засгийн газар хооронд Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн энэ жилийн зургаадугаар сард хоёр улсын компаниудад Улаанбаатар хотод тус бүтээн байгуулалтын төслийн барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, барилга угсралтын ажил эхэлж, одоогийн байдлаар барилгын үндсэн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
Хятадын компаниуд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх хүчин чадал, туршлагатай. Монголын тал төслийн барилга угсралтын ажилд бодлогын таатай нөхцөл бүрдүүлж, шаардлагатай баталгаагаар хангаж, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэн дуусгана гэж найдаж байна.