УИХ-ын намрын чуулганы өчигдөр /2025.9.15/ нээлтээ хийсэн. Чуулганы нээлттэй зэрэгцэн өдөр тутмын нэгэн хэвлэлийн тэргүүн нүүрэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгээр гарчигласан нийтлэл хэвлэгдсэн байв. Тэрхүү нийтлэл нь “Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн” гарчигтай.
Гарчгаас нь харахад УИХ-ын даргыг хэвлэлээр дамжуулж “хов” зөөж гэж ойлгохоор. Харин нийтлэлийг бүтнээр уншаад үзвэл Д.Амарбаясгалан намынхаа хяналтын шатны байгууллагын хуралд оролцох үеэрээ ингэж хэлсэн гэдэг зүйл бичсэн байв.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хаягаараа дараах мэдэгдлийг хийжээ.
Уг мэдэгдэлд “Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу” гэсэн байна.
Ямааны мах халуун дээрээ гэдэг ч УИХ-ын дарга үгүйсгэлээ тухайн үед нь бус маргааш нь ингэж хийв.
Харин Д.Амарбаясгалангийн сошиал мэдэгдлийн дараахан Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэдэг зар тараав. Төрийн ордонд товлосон цаг нь болсон ч мэдээллээ арай өөр хэлбэрээр хүргэхээр боллоо гэдэг тайлбар өгөөд сэтгүүлчдийг буцаасан. Үүний дараа Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр сошиалд дараах мэдээллийг нийтэлсэн байна.
Тэрбээр “Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан. Үүнийг тодруулж хэлбэл “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ” гэж Ерөнхийлөгчийн зүгээс УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу” гэжээ.
Ийнхүү улс төрийн хоёр том институцийн хооронд үүссэн байж болзошгүй хагарал тус бүрдээ мэдэгдэл гаргаснаар энэ удаад намжив бололтой.