Дэлхийн хамгийн өндөр оргилуудад богинохон хугацаанд авирсан амжилтаараа түүхэнд бичигдсэн Балбын уулчин Нирмал Пуржа энэ долоо хоногийн эхээр Хималайн нуруунд цасан нурангид дарагдаж, амиа алдсан нь батлагджээ.
Бямба гарагт түүний 2022 онд үүсгэн байгуулсан Нимсдай Сан энэ талаар Инстаграм хуудсаараа мэдээлж, эмгэнэл илэрхийлсэн байна.
43 настай Пуржа энэ долоо хоногийн Пүрэв гарагт Пакистан улсын хойд хэсэгт, далайн түвшнээс дээш 8,047 метр өндөрт оршдог Брод Пик оргилд авирч байх үеэр цас нурахад өөр есөн уулчны хамт сураггүй алга болсон юм.
Пуржа болон Оманы уулчин Надира Аль Харти, Балбын уулчин Пур Бахадур Гурун, АНУ-ын уулчин Сара Маллори Гэйс нар энэ үеэр амь үрэгдсэн нь батлагджээ.
Үлдсэн зургаан уулчныг аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Гэхдээ тэдний амьд үлдэх магадлал маш бага болсныг Пакистаны уулчин анхааруулжээ.
“Пакистаны уулс Балбынхаас тэс өөр. Эдгээр газруудын заримд цас үргэлжлэн нурсаар байгаа тул аврах багийнхан уулчдын амьд үлдэх магадлалыг үнэлэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй” гэж Пакистаны Уулчдын Клубийн хэвлэлийн төлөөлөгч Найла Киани хэлсэн байна.
Их Британийн армид алба хааж байсан Пуржа 2019 онд НАСА-гийн “Найман мянгатууд” гэж нэрлэдэг далайн түвшнээс дээш 8,000 метрээс илүү өндөр оршдог дэлхийн 14 ноён оргилд ердөө зургаан сар гаруйхан хугацааны дотор дараалан авирснаар түүхэнд бичигдэж байв.
Хамт авирч байсан бусад уулчид нь түүнийг “маш зоригтой”, “боломжгүй зүйлийг ч биелүүлдэг хүн” гэх зэргээр магтсан байдаг юм.
Эх сурвалж: CNN