Балбын босогчид тус улсын анхны эмэгтэй ерөнхий сайдын томилгоог дэмжлээ

Долоо хоног үргэлжилсэн бослого тэмцлийн дараа Балба улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо.

Тус улсын дээд шүүхийн шүүгч асан 73 настай Сушила Карки босогчдын удирдагчидтай хийсэн тохиролцооны үр дүнд шилжилтийн засгийн газрыг удирдахаар өчигдөр томилогджээ.

Сошиал медиа платформуудыг хориглосноос үүдэлтэй эхэлсэн бослого тэмцлийн үеэр 50 гаруй хүн амиа алдаад байна.

Балбын эрх баригчид хоригоо Даваа гарагт цуцалсан боловч эсэргүүцлийн жагсаал авлигыг эсэргүүцсэн томоохон тэмцэл болж хувирсан юм.

Мягмар гарагт жагсагчид нийслэл Катманду хотод парламентын болон засгийн газрын байруудыг галдан шатааж, ерөнхий сайд К.П. Шарма Олийг огцроход хүргэсэн.

Баасан гарагийн өглөө ерөнхийлөгч Рам Чандра Пуделын хэвлэлийн төлөөлөгч оройдоо багтан Сушила Карки тангараг өргөхөөр болсныг мэдээлжээ.

Ерөнхийлөгч болон жагсаалын удирдагчид олон хоног зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргасныг тэр хэлсэн байна.

Өчигдөр бас Балбын парламентыг тарааж, гуравдугаар сарын 5-нд ээлжит бус сонгууль зохион байгуулах тов гарчээ.

Карки ойрын өдрүүдэд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ зарлах төлөвтэй байна.

Тэрбээр Балбын улс төрчдийн дунд харьцангуй “нэр цэвэр” хүнд тооцогддог бөгөөд “Gen Z” гэгдэж буй оюутны хөдөлгөөний удирдагчид түүний томилгоог дэмжжээ.

Каркигийн засгийн газар улс орондоо дэг журам тогтоох, халдлагад өртсөн парламентын болон засгийн газрын гол байруудыг сэргээн засварлах зэрэг олон хүнд даалгавартай тулгарч байна.

Бас нэг гол ажил бол иргэдийн тэмцлийг далимдуулан хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдтэй хариуцлага тооцох юм.

Каркийг томилох тохиролцоо нь Балбын армийн командлагчийн зуучилсан яриа хэлэлцээний үр дүн ажээ.

Сушила Карки нь Балбын хамгийн том ардчилсан нам болох Балбын Конгрессын удирдагчидтай ойр холбоотой гэр бүлд төрж өссөн хүн юм.

Сүүлд тэр тус намын дарга байсан Дурга Субедитэй гэрлэжээ.

Тиймээс түүнийг 2016 онд ердийн хуульчаас дээд шүүхийн шүүгч болоход нөхрийнх нь дэмжлэг чухал байсан гэдэг.

Гэхдээ тэр хэл амнаас хол байгаагүй. Бараг 11 сарын хугацаанд шүүгчээр ажиллахдаа Карки импичментийн асуудалтай хүртэл тулгарч байжээ.

Балбын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Facebook, Instagram, WhatsApp зэрэг гадаадын 26 сошиал медиа платформыг хориглосон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Үүнээс хэдэн долоо хоногийн өмнө Балбын сошиал орчинд төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн тансаг амьдралыг илчлэх “nepo kid” нэртэй хөдөлгөөн өрнөж байсан нь ийм шийдвэр гаргах шалтгаан болсон гэдэг.

 

Эх сурвалж: BBC

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн