Жоржо Армани агсан хувцас загварын эзэнт гүрнээ зарах гэрээслэл үлдээжээ

Өнгөрсөн долоо хоногт 91 насандаа таалал төгссөн Италийн домогт загвар зохион бүтээгч Жоржо Арманигийн гэрээслэлийг задалжээ.

Тэрбээр өв залгамжлагчдадаа 50 жилийн өмнө үүсгэн байгуулсан хувцас загварын эзэнт гүрнээ зарах, эсвэл нээлттэй компани болгон өөрчлөхийг захисан байна.

Энэ нь насан туршдаа бусдаас хараат бус ажиллаж, Италийн язгуур соёлын хэв маягт үнэнч байсан Арманигийн хувьд гайхмаар шийдвэр юм.

Салбартаа “Хаан Жоржо” гэж алдаршсан Армани үр хүүхэдгүй хүн байсан бөгөөд бизнесийнх нь үнэлгээг шинжээчид 5-12 тэрбум еврогийн хооронд гэж тогтоосон байдаг.

Гэрээслэлдээ тэр өөрийн хамтрагч Панталео Делл’Оркотой тохиролцсоны дагуу бизнесээ зарах саналыг нэн тэргүүнд Францын тансаг эдлэлийн аварга групп LVMH, гоо сайхны L’Oreal, нүдний шилний EssilorLuxottica компаниудад тавихыг захижээ.

Нэр дурдагдсан гурван компани бүгд худалдан авах яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

LVMH группийн гол эзэмшигч Францын тэрбумтан Бернар Арно гэрээслэлд боломжит худалдан авагчаар дурдагдсандаа баяртай байгааг илэрхийлжээ.

“Жоржо Армани өөрийн үүсгэн байгуулсан гайхамшигт хувцас загварын ордны боломжит түншээр биднийг нэрлэсэн нь нэр төрийн хэрэг юм. Хэрвээ бид цаашид хамтран ажиллах бол LVMH энэ брэндийн манлайллыг дэлхий дахинд улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Италийн бизнесмэн Леонардо Дел Веккиогийн өв залгамжлагчдын эзэмшдэг EssilorLuxottica, Армани группийн лицензийг 2050 он хүртэл эзэмших гэрээтэй Францын гоо сайхны L’Oreal компанийн аль аль нь мөн худалдан авах боломжийг судлахаа Баасан гарагт илэрхийлцгээжээ.

Гэхдээ тэднээс 240 орчим тэрбум еврогийн зах зээлийн үнэлгээтэй LVMH групп худалдан авах магадлал хамгийн өндөр гэж шинжээчид үзэж байна.

Армани энэ оны гурав, дөрөвдүгээр саруудад нотариатаар батлуулсан гэрээслэлдээ нас барснаас нь хойш 18 сарын дотор компанийн эхний 15 хувийг зарахыг захисан байжээ.

Дараа нь гурваас таван жилийн дотор 30-54.9 хувийг ижил худалдан авагчид зарахыг захисан байна.

Хоёр дахь шатны оронд байж болох хувилбарт Итали болон өөр дүйцэх хэмжээний хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа нээлттэй зарах (IPO) боломжийг дурджээ.

Армани агсан дээрх нөхцөлүүдийг заавал биелүүлэхийг өв залгамжлагчдадаа захиж, биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандах болзолтойг гэрээслэлдээ дурдсан байна.

Өмнө нь Арманигийн хувийг худалдаж авах саналыг Италийн Agnelli брэндийн өв залгамжлагч Жон Элкан, Gucci брэндийн эзэмшигч Маурицио Гуччи зэрэг хүмүүс тавьж байсан гэдэг.

Гэхдээ Армани агсан амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл уран бүтээл болон менежментийн асуудлыг өөрийн хатуу хяналтад бүрэн байлгаж байв.

Тус компани харьцангуй тогтвортой орлоготой, 2024 онд 2.3 тэрбум еврогийн орлого олсон ч ашгийн хэмжээ нь орлогынхоо 3 хувь хүрэхгүй хэмжээнд хүрч буурсан гэж шинжээчид үздэг.

Армани болон түүний хамтрагч Делл’Орко нар компанийнхаа тус тус 40, 30 хувь буюу нийлбэр дүнгээр 70 хувийг эзэмшдэг байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн