Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн талаар Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
Тодруулбал нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа аж.