Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “FISSURE Playground 2” тэмцээн Сербийн Белград хотноо зохион байгуулагдаж байна.
Нийт 500,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын “The MongolZ”, Европын “FaZe Clan”, Саудын Арабын “Team Falcons”, Туркийн “Aurora Gaming”, Европын “G2 Esports” зэрэг шилдэг 16 баг тойргийн журмаар тоглож байгаа юм.
Манай улсын “The MongolZ” баг эхний тойрогт Францын “3DMAX” багтай өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, хожигдсон. Хоёрдугаар тойрогт Хятадын Lynn Vision багтай мөн адил “Во3” журмаар өчигдөр хүч үзэж, ялалт байгуулснаар ерөнхий хүснэгтэд 1:1 гэсэн үзүүлэлттэйгээр 11 дүгээр байрт бичигдэж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр манай улсын баг гуравдугаар тойрогт Хятадын “Tyloo” багийн эсрэг “Во3” журмаар тоглож, 2:1 тооны харьцаатай хожлоо.
Өнөөдрийн тоглолтод “The MongolZ” баг өөрийн сонгосон “Mirage map” дээр 10:13 тооны харьцаатай хожигдсон бол эсрэг багийн сонгосон “Overpass map” дээр 13:10-аар ялсан. Үргэлжлүүлэн шийдвэрлэх “Ancient map” дээр манай баг хамгаалах талаас 4 үеийн илүүтэй байраа сольж, улмаар 13:7-оор хожиж байна. Энэ тоглолтын шилдгээр “mzinho” буюу Б.Аюуш тодорлоо.
Ийнхүү тэд Playoffs шатанд шалгарахын төлөө маргааш дахин нэг удаа тоглохоор болж байгаа юм. “FISSURE Playground 2” тэмцээний тойргийн шатанд гурван ялалт байгуулсан найман баг Playoffs буюу хасагдах шатанд тоглох эрхтэй болно.

