Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос зохион байгуулдаг бөхийн төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Хорватын Загреб хотод өчигдөр эхэллээ.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг жингийн барилдаан болов. Манай улсаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 70 кг-ын жинд Т.Тулга, 86 кг-ын жинд Н.Батбилгүүн, 125 кг-ын жинд М.Лхагвасүрэн нар зодоглосон юм.
Тэднээс Т.Тулга шигшээд шалгарсан байна. Манай бөх эхний даваанд Молдавын Васил Диаконыг 2:0, Болгарын Гиоргев Ильевийг 7:1, шөвгийн наймд Гүржийн Акаки Кемертелзиг 11:0 буюу оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд Казахстаны Нуркажо Кайпоновыг 5:2-оор буулган авчээ.
Ингэснээр алтан медалийн төлөө Японы Йосиносүкэ Аоягитай тунаж үлдлээ.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг, 79 кг, 92 кг жингийн барилдаан эхэлнэ.