УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуралдаанд оролцож буй гишүүд улс төржилтөөс болж төсвийн хэлэлцүүлгийг цалгардуулж байгааг шүүмжилж байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэллээ.
Тэрбээр “66 хоногийн өргөн барьсан төсөвт багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг тусгаагүй байсан. Нийгмийн шахалтад хөтлөгдөж байж нэмэхээр болж байна. Ингэхдээ бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг танаж байгаад 1.1 их наяд төгрөгийг гаргаж ирсэн. Гэтэл үүнтэй зэрэгцүүлээд дахин 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 363 тэрбум төгрөгийн 2026 онд санхүүжих дүнтэй 111 шилжих болон шинэ хөтөлбөр оруулж ирлээ. Үүнийг өчигдөр орой Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн.
Багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй, мөнгө байхгүй гэж байсан манай дарга нар яагаад гэнэт ийм эх үүсвэр гаргаад ирэв. Энэ бол Засгийн газрыг огцруулах тухай асуудал яригдаж байх үед АН-ын хэсэг нөхөд эрх баригч нарыг хамгаалж, өвөрт нь орж гүйснийхээ төлөө тойрогтоо 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил батлуулсан хэрэг.
Бид дотроо асуудлаа шийдье, ажлаа хийж чадахгүй сайд нар олон байна гэж ярьж байсан. Гэтэл сөрөг хүчин маань Засгийн газрыг тогтвортой ажиллуул гэж хамгаалаад яваад байсан.
Засгийн газар нь парламент дээр дөрөөлөөд тоглоод байж байхад орон нутгийнхаа хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьцаалж, кнопоо наймаалж, Засгийн газрыг авч үлдсэн.
Ийм хулгайн төсөв оруулж ирсэн. Б.Пүрэвдорж дарга долоо хоног дамжуулан Их Хурлын даргын суудалд сууж байгаад төсвийн хамгийн гол хэлэлцүүлэг болох гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, хулгайн төсвөө батлуулаад буух гэж байна.
Та нарын хуйвалдаан алган дээр тавьсан юм шиг харагдаж байна.
Ард түмнээс нууж байгаад гаргаж ирсэн 363 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрөө хүний өөрийнгүй эргүүлж тат. Энэ мөнгөөрөө ахмадуудын тэтгэвэр, эмч нарын цалинг нэм. Ингээд ирэх долоо хоногт төсвөө баталъя” гэв.