“Улаанбаатар төмөр зам” ХНН төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Сонсголонгийн 2-р км-ийн гармыг хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болголоо.
Урд нь уг гарам зөвхөн дохиоллын зохицуулалттай байсан юм. Тус гармаар импортын нефтийн бүтээгдэхүүний 60 хувийг нефть импортлогч компаниудын буулгалтын салбар замууд руу татдаг бөгөөд тус гармаар нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөж, гарам дээр гарч болзошгүй эрсдэл нэмэгдэж байгааг харгалзан ийнхүү гармын аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа юм.
Хоногтоо 45-50 мянган хүнд даацын болон бусад авто тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг тус гармын дохиоллын систем ажиллаж хориглосон улаан гэрэл ассан байхад гарам руу нэвтэрч галт тэргэнд мөргүүлэх тохиолдол удаа дараа гарч байсан юм.
“УБТЗ” төмөр замын гармын тоог цөөлж, ижил бус түвшинд огтлолцдог болгох ажлыг нийслэл, аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бодлого барьж байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН