Өглөөний гудамжинд байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна гэж хотын дарга мэдэгдэж байв.
Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс шаардлагыг биелүүлээгүй тул НЗДТГ-аас өнөөдөр шаардлага өгч байна гэж мэдээллээ.
НЗД-ын орлогч Т.Даваадалай “Нийслэл өөрийн өмчөө авах Дээд шатны шүүхийн шийдвэр гарсан. 2023 оноос хойш уулзалт товлох гэж удаа дараа бичиг өгсөн ч хүндэтгэх шалтгаангүйгээр оролцох боломжгүйг илэрхийлсэн. Өнөөдөр албан ёсоор биечлэн ирж, мэдэгдлийг хүргэж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу тус зочид буудлыг эзэмшигч ААН-ээс гаргасан хөрөнгө, ашиг, орлогыг тооцон ойрын хугацаанд хэлэлцээр хийж, нийслэл өмчөө авах шаардлагатай байна.
2007 онд 25, 75 хувиар эзэмшихдээ дөрвөн давхар Өргөө зочид буудал, Зайсанд байрлах Дүнжингарав амралтыг газар, өмчтэй нь 468 сая төгрөгөөр үнэлэн нийслэлээс 25 хувийн хөрөнгө оруулалт хийж, хамтдаа компани эзэмшсэн байдаг. “Хар дун” ХХК-аас 75%-д 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг гаргана гэсэн хэлэлцээрийг үндэслэж, хамтарсан “Дун өргөө” компанийг байгуулсан. Энэ нь 2012 онд эрүүгийн гурван шатны шүүхээс хууль бус гэсэн шийдвэр гарсан. УБЕГ-аас тодруулснаар “Хар дун” ХХК-ийн эцсийн эзэмшигч нь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Н.Батшугар байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай өөрөө энэ асуудлаа мэдэж байгаа байх. Нийслэл өмчөө буцааж авах нь МАН-ын улс төрийн асуудалтай хамаагүй.
2012 онд гарсан эрүүгийн шатны шийдвэр буюу хамтран эзэмшиж байгаа нь эрүүгийн шинж чанартай гэмт хэрэг мөн байна, хүчингүй болгож нийслэлийн өмчийг буцааж өг гэсэн агуулга бүхий шийдвэрийг 2023 оны аравдугаар сард Захиргааны дээд шатны шүүхээс хэвээр үлдээсэн” хэмээн ярилаа.
Тус компанийн менежер н.Наранчимэг “НЗДТГ-аас хүлээж авсан бичиг баримтыг холбогдох удирдлагууддаа дамжуулж өгье. Асуудлыг удирдлагууд шийдэх байх” гэв.
Ойрын хугацаанд хариу өгөхгүй бол шүүхийн шийдвэрийн дагуу прокурорын байгууллагад нийслэл өмчөө авах шаардлагыг хүргүүлж, хуулийн байгууллагын зөвшөөрлийн дагуу өмчөө авах шаардлага үүснэ гэж НЗД-ын орлогч мэдэгдлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариулав.
Сэтгүүлч: Уг объектыг нийслэл өмчдөө аваад ямар зориулалтаар ашиглах вэ?
НЗД-ын орлогч Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэл өмчдөө авч дуудлагаар худалдана. Олсон орлогыг 2026 онд баригдах сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн 32 талбайд байгуулах паркт зарцуулна гэж төлөвлөсөн.