“Үндэсний урлагийн их театрыг Шинэ зуун айл төвийн хэсэгт, ундны усны эх үүсвэрт хамааралгүй газар дээр барихаар шийдвэрлэсэн”

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний урлагийн их театрыг барих шийдвэрийг НИТХ-аас гаргасан нь шүүмжлэл дагуулж буй. Уг асуудалд НЗД-ын орлогч Т.Даваадалай өнөөдөр Өргөө зочид буудлын асуудлаар мэдээлэл өгсний дараа тайлбар хийв.

Тэрбээр “2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт 40 га газрыг Үндэсний урлагийн их театрыг барих зориулалтаар олгох шийдвэр гаргасан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 970 га газартай. Үүнээс 300-400 га газарт ундны усны эх үүсвэрийн хамааралтай 218 худаг байдаг. Үндэсний урлагийн их театрыг Шинэ зуун айл төвийн хэсэгт, ундны усны эх үүсвэрт хамааралгүй газар дээр барих шийдвэрийг гаргасан юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 85% ногоон байгууламж, 15% нь барилга байгууламж, үйлчилгээний газар байхаар хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Энэ хүрээнд Үндэсний урлагийн их театрыг барих газар нь дээрх 15%-д багтаж байгаа.

БНХАУ-ын дарга, Монгол Улсын ерөнхийлөгч хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу Үндэсний урлагийн их театрыг барих 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ-аас бүрэн шийдвэрлэсэн. 

Театрыг барьснаар Монголын өв соёлоороо бахархах соёл, нийгмийн үйлчилгээтэй болох юм.

Усны тухай хуулийн 22.2.1, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д нийтийн зориулалттай дэд бүтцэд зарим хамгаалалтын бүс газруудыг олгож болно гэж заасан байдаг. 

Газрын тухай хуулийн 12.2 болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу Үндэсний урлагийн их театрыг барих газар нь хуульд нийцсэн” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн