Камбож улсад онлайн луйврын сүлжээнд ажиллаж байсан Өмнөд Солонгосын 64 иргэн эх орондоо буцаж иржээ

Камбож улсад онлайн луйврын сүлжээнд ажиллаж байсан Өмнөд Солонгосын 64 иргэн эх орондоо буцаж иржээ

Камбож улсын нутагт үйл ажиллагаа явуулдаг онлайн луйврын сүлжээнд ажиллаж байсан Өмнөд Солонгосын 64 иргэн өчигдөр өглөө тусгай үүргийн нисэх онгоцоор эх орондоо буцаж иржээ.

Тэднийг гэмт хэргийн бүлэглэлүүдэд барьцаалагдан хүчээр ажиллаж байсан гэж үзэж байгаа ч ийм үйл ажиллагаанд ямар оролцоотой байсныг шалгах зорилгоор ихэнхийг нь сэжигтнээр татаж буйг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард өндөр цалинтай ажлын зард хууртан Камбож улсад очсон оюутан залуу гэмт хэрэгтнүүдийн гарт алагдсаны дараа Өмнөд Солонгосын засгийн газар иргэдээ хамгаалах ажлыг эрчимжүүлсэн юм.

Камбожийн нийслэл Пномпен хотын ойролцоох Течо нисэх буудлаас хөөрсөн Korean Air компанийн онгоц таван цаг орчмын дараа Бямба гарагийн өглөөний 8:35 цагт Инчоны олон улсын нисэх буудалд газарджээ.

зураг
 

Гэмт хэргийн золиос болсон иргэдээ аврах зорилгоор байгуулагдсан Өмнөд Солонгосын засгийн газрын ажлын хэсэг Камбож улсад айлчилсны дараа уг нислэгийг зохион байгуулсан байна.

“Энэ айлчлалаар бид Камбожийн засгийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дахин нотолж, хамтарсан ажлын хэсэг байгуулах замаар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Засгийн газар Камбож дахь Өмнөд Солонгосын иргэдийг чиглэсэн онлайн луйврын гэмт хэргийг устгах үр дүнтэй тогтолцоог бий болгож, үүнийгээ идэвхтэй ашиглах болно” гэж Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн ахлагч, гадаад хэргийн дэд сайд Ким Жи На мэдэгджээ.

зураг
 

Алагдсан оюутан нь өндөр цалинтай ажлын зард хууртан долдугаар сард Камбожид очсон байсан юм.

Түүнийг гэмт хэрэгтнүүд зовоон тарчлааж алсан байсан бөгөөд шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр хэт өвдөлтийг даалгүй зүрх нь зогссоныг тогтоожээ.

Өчигдөр эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн 59 нь Камбожийн эрх баригчдын явуулсан ажиллагааны үеэр баривчлагдсан тул сэжигтнээр татагдсан байна. Харин үлдсэн хүмүүс нь хүчээр ажиллаж байгаагаа хуулийн байгууллагад мэдээлсний үр дүнд аврагдаж байжээ.

Өмнөд Солонгос улс түүхэндээ өмнө нь нэг улсаас ийм олон гэмт хэргийн сэжигтнийг нэг дор буцаан авчирч байгаагүй юм.

Энэхүү ажиллагаанд тус улсын 190 цагдаагийн албан хаагч оролцсон байна.

Инчоны нисэх буудалд өчигдөр өглөө сэжигтнүүдийг авч явах цагдаагийн 23 автомашин ирсэн байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн