Оросын агентын захиалгаар Британийн ерөнхий сайдтай холбоотой эд хөрөнгөд халдсан этгээдүүд хорих ял сонсжээ

Их Британийн ерөнхий сайд Кир Стармертай холбоотой өмч хөрөнгөд халдаж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдсан хоёр этгээд шүүхээс шоронд хоригдох ял сонсжээ.

Украины иргэн 22 настай Роман Лаврынович долоон жил, Украинд төрсөн Румыний иргэн 27 настай Станислав Карпюк хоёр жил шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн байна.

Лондон хотын хойд дүүрэгт тэдний үйлдсэн зүйлийг шүүгч Оросын захиалгатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж дүгнэжээ.

Лаврынович нь Телеграмын “EL” нэртэй оросоор ярьдаг хэрэглэгчээс уг захиалгыг авсан юм байна. Тэрбээр өмнө нь бас энэ этгээдээс хэт барууны суртал нэвтрүүлгийн зурагт хуудас тараах төлбөртэй ажлын захиалга авч байсныг мөрдөгчид тогтоожээ.

Лаврыновичийг “хялбар удирдаж болох ашигтай тэнэг” гэж шүүгч Гарнхэм дүгнэсэн байна.

Карпюк нь түүний хорлон сүйтгэх үйл ажиллагаанд туслах үүрэгтэй оролцжээ.

2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр ерөнхий сайдын амьдардаг байсан Кентиш Тауны гудамжинд мөн ерөнхий сайдын эзэмшдэг байсан Toyota үйлдвэрийн автомашиныг хэн нэгэн галдан шатааж байсан юм.

Улмаар тавдугаар сарын 11-ний өдөр Айслингтон дахь Стармерын гурван жилийн өмнө амьдарч байсан орон сууцанд гал гарсан байна.

Маргааш нь Кентиш Таун дахь Стармерын эзэмшлийн байрны үүдэнд гал гарсан юм. Уг байрыг тухайн үед ерөнхий сайдын бэр Жюдит Александер түрээсэлж байсан бөгөөд гал гарах үед тэр охин болон нөхрийн хамт гэртээ байжээ.

Дээрх галдан шатаах ажлуудыг гүйцэтгэсний дараа “EL” тавдугаар сарын 12-ны өдөр Лаврыновичтай холбогдохдоо өмсөж байсан хувцаснуудаа хаях, хотоос явахыг зааварлаж, ажлын хөлсийг нь крипто хэлбэрээр төлөхөө амлаж байсан байна.

Гэвч түүнийг явж амжаагүй байхад нь цагдаа нар баривчилжээ.

Байцаалтын үеэр Лаврынович ерөнхий сайдын өмч хөрөнгөд халдаж байгаагаа мэдээгүй, Кир Стармер гэж хэн болохыг ч танихгүйгээ мэдүүлж байсан гэнэ.

Лондон хотын зүүн хэсгийн Ромфордод оршин суудаг Карпюк нь тавдугаар сарын 17-ны өдөр Румын руу нисэх гэж байгаад нисэх онгоцны буудлаас баривчлагдсан юм байна.

Стармертай холбоотой эд хөрөнгөд халдах ажлыг захиалсан “EL”-ийг Британийн хууль сахиулагчид Оросын тусгай албаны агент гэж сэжиглэж буй бөгөөд одоогоор илрүүлж чадаагүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн