Улсын дугаар олголт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг үйлчилгээг гурав хоногийн хугацаанд Төв талбайгаас авах боломжтой болжээ

Улсын дугаар олголт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг үйлчилгээг гурав хоногийн хугацаанд Төв талбайгаас авах боломжтой болжээ

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс /2026.06.15/ Сүхбаатарын талбайд эхэллээ. Зам, тээврийн яамнаас зохион байгуулж буй уг өдөрлөг энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх юм. 

Нээлттэй өдөрлөгөөр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэхээр зорьжээ.

Мөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олголт, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, хасалт бүртгэл, ачаа болон зорчигч тээврийн мэдээлэл, мэргэшсэн жолоочийн шалгалт, зөвлөгөө, онлайн тасалбарын системийн танилцуулга зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байна
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зам тээврийн салбарын бүтээн байгуулалтын талаар салбарын сайд Б.Дэлгэрсайхан: Энэ жил Улаанбаатар хотыг тойрсон Багахангай – Хөшигийн хөндий – Эмээлтэд холбогдох 128 км замыг ашиглалтад оруулна. Ингэснээр Улаанбаатар хотын дундуур дамждаг 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэр хотыг тойрч гарна. Энэ нь Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. 

Хоёр дахь бүтээн байгуулалт нь хил дамнасан төмөр замын асуудал. Гашуун сухайт-Ганц мод хил дамнасан төмөр замын ажил өнөөдрийн байдлаар 34 хувийн биелэлттэй явж байна. Энэ жил бид 80-90 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгана. Ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулж Монголд анх удаа 70 жилийн дараа хоёр дахь төмөр замын холболтоо хийх түүхэн байгууламж болох юм. 

Гурав дахь бүтээн байгуулалт нь Монгол Улс навигацын тоног төхөөрөмжөө 30 жилийн дараа шинэчилж байна. Навигацын тоног төхөөрөмж гэдэг нь Монгол Улсын агаарын орон зайгаар өдөртөө 250-500 онгоц нэвтрэн өнгөрч байгааг хянах систем юм. Энэ төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг бид Францын компанитай хамтран хэрэгжүүлж байна. 

Энэ жилийн хувьд ийм гурван том бүтээн байгуулалт хийхээс гадна төр хувийн хэвшлийн түншлэлээр Замын -Үүд, Говьсүмбэрийн хатуу хучилттай, тусгай зориулалтын авто замыг эхлүүлээд байна.  

Нээлттэй хаалганы өдөрлөгөөс бэлтгэсэн фото сурвалжилга 

“Энэ жил гадаад, дотоодын нислэгээр 2.5 сая зорчигч авах зорилт тавьсан” 

Зам, тээврийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнээс нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар тодрууллаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Энэ өдөрлөгийн онцлог юу вэ? 

-Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зам тээврийн салбарын 36 байгууллага нээлттэй хаалганы өдөрлөгийг гурван хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Эдгээр өдрүүдэд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, зам тээврийн салбартай холбоотой тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олголт, тээврийн хэрэгслийн лавлагаа, хасалт бүртгэл, мэргэшсэн жолоочийн шалгалт зэрэг олон үйлчилгээг Төв талбайгаас авах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

-Зам, тээврийн салбарын ойрын зорилт юу вэ? 

-Манай зам тээврийн салбар сүүлийн жилүүдэд огцом өсөж, нэмэгдэж байна. Зорчигч тээвэр, ачаа тээвэр гэх мэт бүх үзүүлэлтээрээ. Агаарын тээврээр гэхэд өнгөрсөн жил 2.4 сая зорчигч  авч шинэ дээд амжилт тогтоосон бол энэ жил бид Монгол Улсад агаарын тээврийн салбарт 2.5 сая зорчигч гадаад, дотоод нислэгт авна гэсэн зорилттой байна. 

-Онцлох шинэ технологиудаас дурдвал?

Цусны хангамжийн дрон явуулж байгаа. Цус яаралтай сэлбэх шаардлагатай хүнд, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс эмнэлгүүд рүү зургаа хүртэлх литр цусыг дроноор маш богино хугацаанд, түгжрэлээс шалтгаалахгүй хүргэдэг болсон. Дроноор зөөвөрлөсөн цусан бүтээгдэхүүнээр хүний амь насыг цаг алдалгүй аврах боломжтой болсон. 

зураг
 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн