Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Уг асуудалтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ирэх оны төсвийн зардлаас 979 тэрбум төгрөгийг хасаж, цалин, тэтгэврийн нэмэгдэлд шилжүүлсэн. Багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 740 мянга, арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 саяд хүргэх, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 15 хувиар нэмэх, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхэд дээрх зардал гарсан.
Урсгал зардлыг бууруулахдаа төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн сан, боловсрол эрүүл мэндийн салбарын санхүүжүүлэлт, гадаад зээл, тусламжийг оролдохгүй гэсэн байдлаар 411 тэрбум төгрөг бууруулсан.
Хөрөнгийн зардлыг бууруулах ажил хийгдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Ингэхдээ нийт 331 тэрбум төгрөгөөр бууруулж, 2026 онд дуусах бүтээн байгуулалтын санхүүжүүлэлтийг оролдоогүй. 2027, 2028 онд дуусах төслийн санхүүжүүлэлтийн дүнгээс 15 хувийг бууруулсан. Энэ удаад багш эмч нарын цалинг шийдсэн. 2027 онд гүйцэтгэл дээр ахиухан мөнгө тавиад шийднэ.
Манай нам дээр үл ойлголцол байгаа. Энэ асуудал ажлын хэсэг болон байнгын хорооны санал хураалт дээр гарсан.
Байнгын хорооны санал хураалтын үеэр манай намын гишүүд ирцээс гараад явчихсан учраас Ардчилсан намын гишүүдийн дэвшүүлсэн санал дэмжигдсэн. Үүнийг АН-тай үгсэн хуйвалдаж, төсөв наймаалцчихлаа гэж ярьж байна.
Санал хураах үеэр манай намын гишүүдийн кноп хүрэхгүй, АН-ын гишүүдийн санал дэмжигдээд явчихаар би яах билээ. АН-ын гишүүдийг худалдаж авсан, төсөв болохгүй байна гэдэг асуудал зориуд явчихлаа” гэв.