Унгар улсад бакалавр, магистр, докторын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Унгар Улсын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэлсэн байна.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсролын сайдын тушаалаар батлагдах ажлын хэсэг, II шатны шалгаруулалтыг Унгар Улсын “Темпус” олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулж, шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг “Темпус” олон нийтийн сан гаргана.

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас бусад /хоёр улсын/ аливаа төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Унгар Улсын “Темпус” олон нийтийн сангийн цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалтын хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцахыг зөвлөж байна.

Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетыг зөв бөглөх шаардлагатай. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг ЭНД ДАРЖ татаж авах боломжтой.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

  1. Бакалавр: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.
  2. Магистр: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.
  3. Бакалавр, магистрын хосолсон (One Time Master) хөтөлбөр: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.
  4. Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.
  5. Ахисан түвшний дараах мэргэшлийн сургалт: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

Эх сурвалж: Боловсролын Яам

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн