Ойрын өдрүүдэд болох цасан шуурганаар уруудсан малынхаа араас явалгүй ойрхон хашаалах хэрэгтэйг зөвлөлөө

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2025 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд: 

  • Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумдын нутгаар ахиухан хэмжээний буюу 10-20мм нойтон цас, цас үргэлжлэн орж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ. 
  • Мөн Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар 5-9мм нойтон цас, цас орж, их цасны аюултай үзэгдэл ажиглагдах аж. 
  • Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах бөгөөд орох цасны зузаан 15-20 см байх юм байна. Гуу жалгандаа үүнээс илүү зузаан цасан бүрхүүл тогтох юм байна.  

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга Хурандаа Ж.Дамдинсүрэн  

  • Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах
  • Дээр дурдсан цаг агаар муудах аймаг сумдын малчид, мал бүхий иргэд цасан шуурга өнгөртөл малаа ойр бэлчээх
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх 
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй 
  • Гэр орноо бэхлэх 
  • Хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх 
  • Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүй ойрхон хашаалах хэрэгтэй байна. Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг гэдгийг онцлов. 

“Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй” 

Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана иймд цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчхоо шийдэх хэрэгтэй. Аль болох цас их орж буй үед хол замд зорчихгүй байх хэрэгтэй. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй гэв. 

Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэйг зөвлөв. 

Аймаг сумдын удирдлагууд мэргэжлийн анги байгууллагуудынхаа эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэлээ хангах хэрэгтэй. Гурван үгт аппликэйшнээ утсандаа суулгаад өөртөө тусламж хүсэх зорилгоор ашиглах хэрэгтэй байгааг зөвлөлөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн