Дэлхийд алдартай Netflix-ийн “Physical Asia” шоу нэвтрүүлэг өнгөрсөн сарын 28-наас үзэгчдийн хүртээл болсон билээ. Энэ шоуд монголчууд оролцсон гэдгээрээ онцлог. Нэвтрүүлгийн дараагийн дугаар маргааш үзэгчдэд хүрнэ.
Уг шоуд Монголын баг оролцоход спортын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Spark Agency Mongolia” чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бид нэвтрүүлгийн талаар тус агентлагийн захирал Э.Дөлгөөнтэй ярилцлаа.
– Юуны өмнө дэлхийн алдартай шоуд амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.
– Баярлалаа. Намайг Э.Дөлгөөн гэдэг. Сагсан бөмбөгийн Дээд лигт 16 жил тоглосон. Лигийн гурван удаагийн аварга, гурван удаа мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртсэн. Сагсан бөмбөгөөс гадна туялзуур сэлэмний шигшээ багийн тамирчин. Өнгөрсөн хоёр жил “Бишрэлт Металл” багаас аваргын төлөө үзээд мэргэжлийн сагсан бөмбөг спортоос албан ёсоор зодог тайлсан.
Манай “Spark Agency Mongolia” нь Full Service Marketing Agency бөгөөд бидний төрөлжиж буй үйлчилгээ нь спортын маркетинг юм. Монголд болж буй олон улсын тэмцээн уралдаан, сагсан бөмбөг болон волейболын дээд лигийн мэргэжлийн багийн маркетинг, контент хөгжүүлэлтийг хийдэг.
– Хэзээнээс энэ шоуд оролцох санаа төрөв?
– Netflix-ийн эхний нэвтрүүлгийг үзээд монголчууд оролцвол зүгээр юм байна гэсэн бодол төрсөн. Бид анх Өмнөд Солонгосын 50 тамирчин, Монголын 50 тамирчин оролцсон нэвтрүүлэг хийх саналыг нэвтрүүлгийн багт тавьсан юм.
Бидний саналд хариу өгөөгүй их удсан. Бараг гурван сарын дараа имэйл ирээд цахим уулзалт хийсэн.
Тэр үеэр нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын зураг авалт явагдаж байна. Харин гуравдугаар улиралд Азийн орнуудыг оролцуулсан нэвтрүүлэг хийхээр судалж байгааг бидэнд мэдэгдсэн юм.
Ингээд он гарсны дараа Netflix-ээс албан ёсны хариу ирээд шинэ нэвтрүүлэгтээ оролцуулах найм дахь орноороо Монголыг сонгосон.
– Netflix-ийн зүгээс ямар шаардлага тавьсан бэ?
– “Physical 100” бол Netflix-ийн гадаад хэл дээрх контентыг үзэлтээрээ тэргүүлсэн шоу. Тиймээс тэмцээнд оролцогчдод тавих шалгуур болон нууцлалын их хатуу шаардлага тавьж ажилласан. Тэдний зүгээс оролцогчдыг сонгохдоо Монгол Улсыг энэ хүн бүрэн төлөөлж чадах уу гэдгээс эхэлсэн.
Жишээлбэл сонгон шалгаруулалтад сүмогийн тамирчин ирж оролцлоо гэж бодвол энэ нь Японы үндэсний спорт учраас тохиромжгүй юм байна гэж үзнэ.
Яг өнөөдрийн байдлаар манай улсад спортын аль төрөл хамгийн олон үзэгчтэйг, аль спорт монгол хүний өв уламжлал, ёс заншлыг агуулж, хэн ч харсан энэ монголчууд байна гэдгийг илтгэж чадах вэ гэдгийг бодолцсон.
Энэ шоу хэдийгээр биеийн хүч шаардсан боловч нөгөө талаас нь харах юм бол энтертайнмент шоу. Бид хамгийн хүчтэйгээ гээд дан бөхчүүдээс бүрдсэн баг ч юм уу явуулж болох ч бусдаас ялгарах онцлогоо мартаж болохгүй.
– Монголоос оролцогчдыг яаж сонгон шалгаруулсан бэ?
– Сонгон шалгаруулалтын жагсаалтад нийт 200 гаруй хүн байснаас 35 хүнийг гурван шатны уулзалт ярилцлагад оролцсон. Төрөл бүрийн спортын тамирчид, тэр ч бүү хэл дуучид, жүжигчид хүртэл сонгон шалгаруулалтад оролцлоо.
Улмаар нэвтрүүлгийн найруулагчийн баг Монголд ирээд бүх тамирчидтай уулзсанаар үндсэн багийн зургаа, сэлгээний хоёр гээд нийт найман хүнийг сонгож авсан.
Зохион байгуулагчдын зүгээс хэдийгээр олимп, дэлхийд өндөр амжилт үзүүлсэн тамирчин ч гэлээ нийгэмдээ буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, өсвөр насандаа бусдыг дээрэлхэж байсан эсэх гээд маш олон судалгаа хийсэн. Тиймээс ямар нэгэн байдлаар нийгэмдээ эерэг хандлага үзүүлдэг хүмүүсээр багаа бүрдүүлэхийг хичээсэн.
Хэрвээ энэ шоу дан ганц биеийн хүчний өрсөлдөөн, олимп байсан бол бид хамгийн хүчтэй тамирчдаа явуулах байсан. Гэхдээ бидний сонгосон зургаан тамирчин бол бүх талын шаардлагыг хангасан оролцогчид.
Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг манай талаас бус нэвтрүүлгийн найруулагчдын баг гаргасан.
График: Шоуд оролцсон найман улсын 48 тамирчин нь 24 спортын төрөлд хамаарна. Холимог тулаанчид хамгийн олуулаа буюу зургаан тамирчин оролцож буй бол араас нь кроссфитийн тав, чөлөөт бөхийн дөрвөн тамирчин бичигджээ. Сонирхуулахад улсын арслан Б.Орхонбаяр нь чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан юм.
– Багийн ахлагчаар Б.Орхонбаярыг сонгосон шалтгаан юу байв?
– Нэвтрүүлгийн эхний дөрвөн дугаарыг үзсэн бол хүмүүс анзаарсан байх. Тухайн орныг бүрэн илэрхийлж чадах хүнийг багийн ахлагчаар сонгосон. Манай багийнхан хоорондоо ярилцаад улсаа бүрэн төлөөлөх хүн гэдэг утгаар нь улсын арслан Б.Орхонбаярыг багийн ахлагчаар томилсон.
Түүнээс ахмад гэвэл манай багт холимог тулаанч Б.Энх-Оргил, циркчин Э.Лхагва-Очир, сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн гээд олон хүн бий. Гэхдээ үндэсний өв соёл, уламжлалаа илүү харуулж чадах хүн гэдэг үүднээс түүнийг сонгохоор шийдвэрлэсэн.
“Бидний бусдаас ялгарах онцлог нь энэ нэвтрүүлэгт оролцох боломжийг олгосон”
– Та бүхний тавьсан саналд нэвтрүүлгийн зүгээс хүлээж авсан гол шалтгаан юу байв?
– Азийн орнуудаас тухайлбал БНХАУ оролцох боломжгүй. Тодруулбал Netflix-ийг тус бүс нутагт хориглосон байдаг.
Манай улс нэвтрүүлгийн найм дахь орноор сонгогдсон гол шалтгаан нь бусад Азийн орнуудаас ялгарах онцлог нөлөөлсөн болов уу. Гэхдээ хамгийн том давуу тал нь бид “Physical Asia” гэж нэвтрүүлэг гарах талаар огт мэдээгүй байхдаа “манай орон ийм давуу талтай, бидэнд ийм тамирчин бий” гэсэн танилцуулга саналыг урьдчилж явуулснаараа оносон.
Энэ шоу бол өнөөгийн манай нийгэмд маш хэрэгтэй нэвтрүүлэг. Яагаад гэвэл бидний үзэж харж байгаа мэдээлэл, хийгдэж буй киноны сэдвүүд ч ямар хүрээнд байгаа билээ.
Залуучуудад зөв үлгэр дуурайлал үзүүлэх, спортоор хичээллэхэд маш их шаардлагатай нэвтрүүлэг гэж үзсэн. Эхний дөрвөн дугаар гарсны дараа гэр бүлээрээ үзэж байгаад хүүхдүүд нь ээж, аавтайгаа хамт дасгал хөдөлгөөн хийж байна. Энэ жижиг өөрчлөлтүүд бол бидний зорилго юм.
– Багийнхаа нэрийг яаж сонгов?
– Нэвтрүүлэгт оролцсон Монголын багийн нэр Дайчид. Нийт сонгон шалгаруулалтын эцсийн шатанд үлдсэн оролцогчдоос хэрвээ сонгогдоод багтаа нэр өгөх бол ямар нэр өгөх вэ гэсэн асуулт тавьсан юм. Оролцогчдын 95 хувь нь “Дайчид” гэж хариулсан.
– Нэвтрүүлгийн явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарсан уу?
– Зураг авалт БНСУ-д 20 гаруй хоног үргэлжилсэн. Сонгогдсон тамирчдын хувьд маш олон зүйл золиосолж нэвтрүүлэгт оролцсон. Солонгосын шоу ертөнц өндөр түвшинд хүрснийг мэдэрлээ.
Сая эхний дугаараас гэхэд Индонезийн нэг тамирчин бэртээд сэлгээний хүн орлосон.
Аз болоход манай үндсэн зургаан оролцогч ямар нэг бэртэлгүйгээр шоугаа амжилттай дуусгалаа.
– Энэ удаагийн нэвтрүүлгийн гол онцлох зүйл юу байв?
– Өмнөх хоёр улиралд тамирчдыг хувийн амжилт чухал байсан бол энэ жилийн нэвтрүүлгийн гол давуу тал нь багийн ажиллагаа. Эх орны тулаан болж байгаа гэхэд хилсдэхгүй. Даалгавраа сонсоод хэн хэнийг ямар үүрэг даалгавартай оролцуулах тактикаа богино хугацаанд боловсруулж байгаа.
“Netflix-ийн шоуг албан ёсны эрхтэй сувгаар нь үзэхийг уриалж байна”
– “Netflix”-ийн албан ёсны шоу нэвтрүүлэг гарсны дараа хулгайн сайтуудаар их тархсан. Энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авсан уу?
– Анхны шуум мэдээ, оролцогчдын бүрэлдэхүүнээс өгсүүлээд худал, үнэн янз бүрийн мэдээлэл их цацагдлаа. Нэвтрүүлэг гарсны дараа хулгайн сайтуудтай тэмцэж, албан бичиг явуулж байсан ч одоо яг үнэндээ хүчрэхээ болилоо.
Энэ бол цэвэр үзэгчдийн хандлагаас л хамаарах асуудал. Netflix платформ дээр ямар олон контентууд билээ. Дуу, дүрснээс авхуулаад үзэгчдэд хүрэх мэдрэмж гээд олон зүйлээр давуу талтай.
Уг нэвтрүүлгийн дараа Netflix-ээс үзэгчдийн тоон үзүүлэлтийг бидэнд гаргаж өгнө. Тэндээс л монголчуудын бодит дэмжлэг харагдах болов уу.
Өмнөх нэвтрүүлгүүд нь Netflix-ийн гадаад хэл дээрх контентуудыг тэргүүлсэн. Тэгэхэд зөвхөн солонгосчууд хоорондоо өрсөлдсөн бол энэ удаагийн нэвтрүүлгийн гол онцлог нь Азийн найман орны төлөөлөгчид оролцож байна. Энэ дундаас Монголтой хамгийн ойролцоо хүн амтай улс Австрали гэхэд 27 сая хүнтэй.
Бид төсвөөс санхүүжилт авалгүйгээр улс, эх орноо сурталчлах ажлыг хийсэндээ их баяртай байна.
Ярилцсанд баярлалаа.