“Хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын төслөө хэзээ ашиглалтад орохыг нийслэлээс Боловсролын Яаманд тодорхой хэлдэг байх шаардлагатай”

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүлэг дүүргэлтийн ачааллыг бууруулахын тулд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж олон барьж буй. Гэхдээ хоорондын уялдаа холбоо тааруугаас шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг ширээ сандал, зөөлөн эдлэлгүйгээр хичээлийн шинэ жилтэй золгосон. 

Энэ асуудлаар Боловсролын Яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа өнөөдөр тайлбар хийлээ.

Тэрбээр “Улсын төвийн хөрөнгө оруулалтаар энэ жил нийт 177 барилга байгууламжийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилдээ багтаж 72 сургууль цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Түүнд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, ширээ сандал, тоног төхөөрөмжүүдээ худалдан авч, ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгтээ хүргүүлж байгаа.

Есдүгээр сарын 1-ний байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн 17 сургууль, цэцэрлэг, дотуур байр ашиглалтад орсон. Нийт 4,384 хүүхдийн хүчин чадалтай. Эдгээрт тохирсон худалдан авалтыг ерөнхий гэрээний аргаар буюу цахим дэлгүүрт байршуулан гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагуудтай гэрээ хийгээд эхнээсээ олголтоо хийсэн.

Сургууль, цэцэрлэгүүдэд ширээ сандал олгох төлөвлөгөөт ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон долоон сургууль, цэцэрлэгийн цогцолборт шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан сандал ширээнээсээ олгож байна. 

Есдүгээр сарын 1-нд ашиглалтад орсон 17 барилга байгууламжийн

  • долоо нь сургууль,
  • тав нь цэцэрлэг,
  • хоёр нь дотуур байр,
  • нэг нь бага сургууль, цэцэрлэгийн дотуур байр юм” гэлээ.

Мөн тэрбээр тендерийн үйл ажиллагааг цаг тухайд нь зохион байгуулж чадаагүй улмаас сургууль, цэцэрлэгийн ширээ сандал авах нь саатсан асуудалд тайлбар өгөхдөө “2025 оны төсвийн тухай хуулиар боловсролын салбарт зарцуулагдах 32.4 тэрбум төгрөгийн төсвийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд баталсан. 32.4 тэрбум төгрөгийг 39 багц төсөл арга хэмжээ болгож, сургууль, цэцэрлэгийн ширээ сандал, багшийн бичиг хэргийн шүүгээ, цахим анги танхимыг тохижуулах зэрэг үйл ажиллагаатай холбоотой зарлаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний өдрөөс өмнө амжиж, худалдан авах ажиллагааг бүрэн зохион байгуулж дуусгаагүй гэдэг шалтгаанаар зургаадугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор сургууль, цэцэрлэгийн ширээ сандал болон гал тогооны хэрэгслийн гэрээ татагдсан.

Гэхдээ 2025 оны төсвийн тодотголыг Улсын Их Хурал(УИХ) хэлэлцэх үеэр Сангийн Яам, Байнгын хороодтой хамтран 7.4 тэрбум төгрөгийг нэмж батлуулснаар есдүгээр сарын 1-ндээ багтаж ширээ, сандлуудаа авах боломжтой болсон. Сурагчийн ширээ, сандлыг дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд дунджаар 1-2 сар болдог” гэлээ.

Харин нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан байхад Боловсролын Яамнаас ширээ, сандлыг шийдвэрлэхгүй удлаа гэх шүүмжлэлд тэрбээр “Төсвийг жилийн өмнөөс төлөвлөж ажилладаг. Энэ жил хэрэгжүүлэх төсвийн саналыг өмнөх оных нь гуравдугаар сарын 1-нээс төлөвлөсөн байдаг.

2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 72 барилга байгууламж ашиглалтад орохоор байсан тул түүнд тохирсон ширээ сандлын төлөвлөлтийг хийж, улсын төсөвт батлуулсан.

Гэтэл нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилгууд хэзээ ашиглалтад орох вэ гэдэг хяналт нь манай яаманд байхгүй. Иймд нийслэлээс долоон сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулчихлаа тоног төхөөрөмж өгөөч гэж есдүгээр сарын 1-нд хэлэх биш, өмнөх жилийн төсвийн төлөвлөлт хийж байх үеийн гуравдугаар сард төлөвлөлтөө явуулж, саналаа хүргүүлэх ёстой. Төсвийн жилийн дундуур шинээр сургууль ашиглалтад орлоо гэхэд бид ширээ сандал олгох хуулийн зохицуулалт байхгүй.

Нийслэлийн хөрөнгөөр хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн 58 төсөл нь хэзээ ашиглалтад орох вэ гэдэг явцын мэдээллийг цаг тухайд нь өгөх, төсвийн төсөл хийгдэж байх үед саналаа ирүүлж байх шаардлагатай. 2026 оны төсвийн төсөлд нийслэлээс 16 барилга байгууламжийн санал ирүүлсэн байгаа. Харин үлдсэн нь хэзээ ашиглалтад орох, хэр хэмжээний ширээ сандал шийдэх талаар санал ирээгүй байгаа” гэж тайлбарлалаа. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн