ЭМГЭНЭЛ: Тогоонтөмөрийн Отгонбаяр (1972-2026)

ЭМГЭНЭЛ: Тогоонтөмөрийн Отгонбаяр (1972-2026)
зураг
 

ТОГООНТӨМӨРИЙН ОТГОНБАЯР

(1972-2026)

“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ерөнхий менежерийн харьяа Техникийн үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн Техникийн сургалт хариуцсан ахлах инженер Тогоонтөмөр овогтой Отгонбаяр 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр зуурдаар таалал төгсөж, “МИАТ” ТӨХК-ийн хамт олон, хамтран зүтгэгч, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Т.Отгонбаяр нь 1999 онд МИАТ ТӨХК-д агаарын хөлгийн техникчээр ажлын гараагаа эхэлж, инженер, нислэгт тэнцэх чадварын улсын байцаагч, төслийн инженер, систем инженер, дотоод аудитор, техникийн сургалтын хэлтсийн дарга, техникийн сургалт хариуцсан ахлах инженер зэрэг хариуцлагатай албан тушаалыг нэр төртэй хашиж, иргэний нисэхийн салбарт 27 жилийн турш мэдлэг, туршлага, ур чадвараа зориулсан шилдэг инженер байлаа.

Тэрээр агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууллагын хөгжил, чанарын удирдлагын тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэх, техник үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний оролцоотойгоор ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, олон улсын агаарын хөлгийн сэлбэг ханган нийлүүлэгчдийн холбоо (C.A.S.E)-ны гишүүнээр элсэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн нь байгууллагын хөгжилд чухал алхам болсон.

Түүнчлэн олон жил өөрийн компанийн болон гадаадын авиакомпаниудын агаарын хөлгүүдэд хийгддэг “С” хэлбэрийн хүнд техник үйлчилгээний ажилд CRS-ээр ажиллаж, авионикийн системийн засвар үйлчилгээ, чанарын шаардлага, дүрэм журам, аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажилласан билээ.

Мөн компанийн агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд эрх бүхий инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэсний үр дүнд МИАТ ТӨХК-ийн техник үйлчилгээний чадавх бэхжиж, EASA Part-145, MCAR Part-145 болон FAA-ийн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэн, шинэ төрлийн агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээ гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлж, байгууллагын олон улсын түвшний чадавх, өрсөлдөх чадварыг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Түүний ажил хөдөлмөрийн хамгийн үнэтэй өв нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарт инженер, техникийн боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын жишигт нийцсэн сургалтын тогтолцоог бүрдүүлэх үйлс байв. Тэрээр агаарын хөлгийн онол, дадлагын сургалтуудыг олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэн, шинэ төрлийн агаарын хөлгийг ашиглалтад нэвтрүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэн ажилласан юм. Мөн байгууллагад шаардлагатай үндсэн сургалтуудыг явуулах эрх бүхий багшаар ажиллаж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцан инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлж, шинэ үеийн инженерүүдийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан манлайлагч байлаа.

Түүний олон жилийн хөдөлмөр, салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үнэнч зүтгэлийг төр, салбар, байгууллага өндрөөр үнэлж, ИНЕГ-ын “Хүндэт жуух бичиг”, МИАТ ТӨХК-ийн “Хүндэт жуух бичиг”, “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, ИНЕГ-ын “Хүндэт ажилтан” тэмдгээр тус тус шагнасан билээ.

Түүний бүтээлч хөдөлмөр, иргэний нисэхийн хөгжилд зориулсан үнэнч зүтгэл, хүнлэг сайхан зан чанар, мэргэжлийн өндөр ёс зүй нь зөвхөн хамт олон төдийгүй Монголын иргэний нисэхийн салбарын түүхэнд тод мөрөө үлдээж, гэгээн дурсгал нь үе үеийн инженерүүдийн зүрх сэтгэлд үүрд мөнхөд хадгалагдан үлдэх болно.

МИАТ ТӨХК-ийн хамт олны нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Ум ма ни бад мэ хум

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн