“БНСУ-аас нийт шатахууны хэрэглээнийхээ 20 орчим хувийг нөөцөлж авч байх боломжийг нээсэн”

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийсэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялаг/АҮЭБ/-ийн сайд Г.Дамдинням мэдээллээ. 

БНХАУ шатахуунаа ОХУ-аас шатахуун авч байгаагаас хоёр дахин өндөр үнээр санал болгож байгаа аж. Тодруулбал нэг литр АИ-95 автобензин 5,600 төгрөгийн өөрийн өртөгтэйгөөр орж ирнэ гэв. 

БНСУ-аас нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг нөөцөлж авч байх боломжийг нээсэн ба тус улсын дөрвөн үйлдвэрлэгчидтэй уулзаж үнэ тарифаа тохируулах ажлуудыг хийж байгаа аж. Манай улс БНСУ болон Сингапур улсаас шатахуун авдаг. Тус хэмжээгээ л нэмэгдүүлэх асуудал яригдаж байна гэдгийг онцлов. 

Казахстан улстай мөн харилцаатай байгаа мөн адил дотооддоо хомстолтой байгаа учир түүхий газрын тос нийлүүлэх боломжтой. Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй гэх хариуг өгчээ. 

Ирэх оны өдийд гэхэд хоёр сарын нөөцөө хадгалдаг савтай болчихсон байх бөгөөд нөөцийн савны ажил эрчимтэй явж байгаа гэв. Мөн дотоодын нефтийн үйлдвэрийн ажил 24 цаг тасралтгүй үргэлжилж байгаа аж. Уг үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд Петро Чайна компанитай хэлцэл хийсэн байна. Үүний үр дүнд 14 газрын тосны хайгуулын талбай зарлажээ. Иймд газрын тосны хайгуул эрчимжих байх гэсэн хүлээлттэй байна гэв. 

Мөн шаардлага хангасан жижиг оврын үйлдвэрүүдийг зөвшөөрөх ба хууль дүрмийн дагуу хүсэлтээ тавьсан бүх зөвшөөрлийг маш хурдтайгаар шийдвэрлэнэ гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцлов. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн