Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 19 улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж тэдний оронд шинээр томилох 21 Элчин сайдын талаар зөвшилцөх саналаа УИХ-ын даргад өчигдөр /2025.12.15/ хүргүүлэв.
УИХ-д хүргүүлсэн саналд хавсаргасан Элчин сайдаар томилуулах 21 хүний дэлгэрэнгүй танилцуулгаас харахад мэргэжлийн, дипломат албанд тасралтгүй ажилласан гэдэг шаардлагад нийцэх 14 хүн байгаа бол бусад нь энэ албанд 2-3 жил, бүр огт ажиллаагүй хүн ч байгааг харж болох юм.
Элчин сайдаар томилогдох гэж буй 21 хүний дэлгэрэнгүй танилцуулга
/Доош гүйлгэн уншина уу/
Элчин сайдаар томилогдох гэж байгаа эрхмүүдийн дунд мэргэжлийн дипломатчаас гадна УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга асан, эдийн засагч, инженер мэргэжилтнүүд байна. Эдгээр хүмүүсээс олны танилуудыг онцолж байна.
УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Мөнх-Оргил
Олон улсын харилцааны эрх зүйч мэргэжилтэй тэрбээр дөрвөн удаа парламентад сонгогдсоны зэрэгцээ Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байжээ. Өдгөө түүнийг Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах гэж байна.
Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, тус улсад суух Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг томилуулах санал хүргүүлжээ.
Тэрбээр агрохимич, хөрс судлаач мэргэжилтэй. Ажлын гараагаа Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйгаас эхэлж байсан тэрбээр 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга, 2021-2025 онд БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажилласан туршлагатай аж.
Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх асан Б.Мөнхжин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд гадаад бодлогын зөвлөхийн албыг хашиж байсан Батсүмбэрийн Мөнхжинг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох санал оруулжээ. Б.Мөнхжин 2011-2014 онд тус улсад суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2020-2022 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байжээ.
Д.Давааг хойд хөрш рүү дахин томилно
ЗХУ-д цэргийн мэргэжил эзэмшин, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга хүртэл энэ салбарын шат шатны байгууллагад ажиллаж явсан тэрбээр генерал цолтой. Улмаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2019-2021 Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдож байв. Төрийн албанд 33 жил ажиллахдаа гурван жилд нь дипломат албанд зүтгэсэн түүнийг хойд хөрш рүү дахин илгээх нь.
31 жил хөдөлмөр эрхлэхдээ дипломат албанд нэг ч жил ажиллаагүй зөвлөх
Бүгд Найрамдах Турк Улсад суух Элчин сайдаар томилогдох гэж буй О.Лхагвасүрэн эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Тэрбээр банк, санхүүгийн салбарт 31 жил ажиллахдаа 2021 оноос хойш Гадаад харилцааны сайдын Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх гэх албан тушаалаас өөрөөр дипломат албатай ойртож байгаагүй нэгэн аж.
Мөн Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн оронд В.Оюуг томилохоор болж. А.Төмөрийн гэргий цаг бусаар амиа алдсанаас үүдэн түүнийг эгүүлэн татах саналыг Гадаад харилцааны яамнаас гаргаад байсан юм. Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд А.Төмөрийг эгүүлэн татах асуудлыг Их хурлаар хэлэлцээгүй мөн дээрх жагсаалтад нэр нь байхгүй байгаа нь хачирхалтай.