Боловсролын Яам болон Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ны нэмэлт хэлэлцээрийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ) бүртгэжээ.
Ингэснээр багш ажилтны цалинг нэмэгдүүлэх тухай нэмэлт хэлэлцээр албажиж байгаа юм.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Нэмэлт хэлэлцээр албан ёсоор бүртгэгдлээ. Иймд Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ хийж, ажил хаялтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлд байдагчлан дуусгавар болгохоо зарлах байх.
Үр дүнгээс хэлэхэд 2026 оны төсөвт үндсэн цалинг 2,226,000 төгрөг, оны эцэст 2,800,000 төгрөгт хүргэх, үүнтэй уялдуулан цалингийн бүтцийг шинэчлэх үүрэг хүлээлээ.
Ажил хаялт ойрын хугацаанд, чадвал маргааш зогсох байх гэж найдаж байна” гэлээ.
Хуулийн заалт:
Хөдөлмөрийн тухай хууль
27.5.Хэлэлцээ хийсэн төлөөлөгчид хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх тухай тохиролцоонд хүрснээр, эсхүл хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг байгуулснаар, эсхүл ажил хаялтыг шүүх хууль бус гэж тооцсоноор, эсхүл ажил хаялтыг зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийн санаачилгаар ажил хаялт тус тус дуусгавар болно.