“Ардчилсан Намаас тавьж буй шаардлагыг Удирдах зөвлөл дээр яриад тов тодорхой шийдвэр гаргана”

Улсын Их Хурал (УИХ) дахь Монгол Ардын Намын (МАН)-ын бүлгийн ээлжит бус хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр “Манай намын бүлэг үүсээд буй асуудлаар хаалттай хуралдаад тодорхой мэдээллүүдээ өглөө. Бүлгийн гишүүд санал бодлоо тодорхой илэрхийлсэн.

Олон улсын түвшинд үүсээд буй нөхцөл байдлын хор нөлөөний сүүдэр Монголд тусахаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлын асуудлыг боловсронгуй болгох тал дээр шаргуу ажиллах ёстой. Тиймээс УИХ-ын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд ямар нэгэн саад учрах үндэсгүй. Үүнийг цаашаа явуулах тал дээр бүлэг бүрэн чиг үүргээ хангаж ажиллана.

Ардчилсан Намаас тавьж буй шаардлага болон манай гишүүдээс гаргаж буй асуудлыг Удирдах зөвлөл дээр ойрын хугацаанд ярьж, тов тодорхой шийдвэр гаргаад УИХ-ын бүлэгт чиглэл болгоно. Өнөө орой юм уу, маргааш өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын бүлэг бүрэн хэрэгжүүлнэ. 52 гишүүн оролцож 100 хувийн саналаар дэмжсэн” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн