Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн 90 гаруй хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Тухайлбал Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 16 удаагийн үйлдлээр бусдын гар утсыг хулгайлж, иргэдэд хохирол учруулсан Г-г олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулсан талаар өмнө нь мэдээлсэн.
Уг этгээд нь олон нийт ихээр цугларсан зах худалдааны төв, гудамж талбай, олон нийтийн газраар явж, эмэгтэй хүнийг сонгож гар утсыг нь хулгайлдаг бөгөөд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж дөрвөн удаа ял шийтгүүлж байжээ.
Иймд сар шинийн баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд иргэд та бүхэн олон нийтийн газар явахдаа өөрийн эд зүйлс, гар утсаа сонор сэрэмжтэй авч явахыг анхааруулж байна.