Өнөө шөнө буюу есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Булган, Төв, Хэнтийн нутаг болон Улаанбаатар хот орчимд хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Мөн өнөө шөнө Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтрэх юм.
Газар тариалангийн бүс нутгаар хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулав.
Жилийн дулаан улирал буюу агаарын температур эерэг утгатай байхад үед агаарт эсвэл хөрсний гадарга дээр температур 0 буюу түүнээс бага болж буурахыг ЦОЧИР ХҮЙТРЭЛ гэнэ. 0 градусаас бага температуртай хүйтэн агаар тухайн газар нутагт шилжин ирэх эсвэл газрын гадарга, цацрагийн замаар дулаанаа их хэмжээгээр туяаруулан алдаж хөрөх зэрэг шалтгаанаас цочир хүйтрэл болох нөхцөл бүрддэг байна.
Уул нуруу, дов толгодоор хүрээлэгдсэн битүү хотгор, ойн цоорхой, нарийн хөндий уул толгодын бэл газраар цочир хүйтрэлийн аюул их байдаг аж. Цочир хүйтрэлийг хяруу унах, хяруунд тариа цохиулах, гэнэтийн хүйтрэл ч гэж нэрлэх нь бий.