“Оюу толгой” компани 2022 онд Уул уурхайн долоо хоног арга хэмжээг анх санаачлан зохион байгуулснаас хойш энэхүү чуулган нь салбарын бодлого тодорхойлох, ил тод, нээлттэй байдлыг хангах, олон талт оролцоог дэмжих олон улсын хэмжээний платформ болон өргөжсөн билээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй “Mining Week & MinePro 2025” буюу Уул уурхайн долоо хоног арга хэмжээ энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” сэдвийн хүрээнд өнөөдрөөс эхлэн 3 өдрийн турш Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд (хотоос 39 км зайд) үргэлжилнэ. Чуулганд төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд оролцож, уул уурхайн салбарын тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж байна.


“Оюу толгой” компани энэхүү арга хэмжээний үеэр нэвтрүүлж буй дэвшилтэт техник, тоног төхөөрөмжүүд, аюулгүй ажиллагаа, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих стратеги зэрэг сайн туршлагуудаа хуваалцах болно.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Нөөц баялгаас хамтын хөгжилд: Орон нутгийн хөгжил дэвшилд уул уурхайн оруулах хувь нэмэр” илтгэлдээ, “Орчин үеийн уул уурхайн амжилт зөвхөн газрын хэвлийн баялгаар бус газрын хөрсөн дээр авчирч буй өөрчлөлтөөр хэмжигдэнэ. Тонн зэс, унц алтнаас илүүтэйгээр эмнэлэг, сургууль, дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр нь уул уурхайн салбарын амжилтын жинхэнэ хэмжүүр юм” хэмээн онцолсон юм.
Тэрээр мөн уул уурхай цэвэр, ухаалаг, шударга байх гурван үндсэн зарчмаар хөгжих ёстойг тодотгож, байгаль орчныг хамгаалах, ур чадварыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах нь салбарын жинхэнэ зорилго гэдгийг цохон тэмдэглэлээ.
Маргааш буюу 9 дүгээр сарын 12-ны өдөр “Оюу толгой” компаниас нийт 5 илтгэгч дараах сэдвүүдийн хүрээнд илтгэл тавина.
Цаг |
Байршил |
Илтгэгч |
Сэдэв |
---|---|---|---|
10:35–10:50 |
Тайж танхим |
Э.Анхбаяр |
Хиймэл оюун ухаанаар бүтээмж нэмэгдүүлэх нь |
11:35–11:50 |
Тайж танхим |
Л.Ганпүрэв |
Аюулгүй ажиллагааг хангах дэвшилтэт технологи |
14:10–14:30 |
Уурхайчин танхим |
Кайл Бакол |
Аюулгүй ажиллагааны манлайлал |
14:45–15:00 |
Уурхайчин танхим |
Б.Давааням |
Эрсдэлийн менежментийн засаглал, чадамж |
15:35–15:50 |
Санаачилга танхим |
Ж.Эрдэнэбилэг |
Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих стратеги |




Мөн “Оюу толгой” компанийн асар арга хэмжээний туршид нээлттэй байх тул та бүхнийг зочлохыг урьж байна.
- “Оюу толгойг бүтээгчид” гэрэл зургийн үзэсгэлэн: Бүтээн байгуулалт, уурхайн үйл ажиллагаа болон тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хувь нэмэр оруулж буй хамт олон, хамтрагчид болон уурхайн ажлын орчныг гэрэл зургийн хальснаа буулгажээ;
- Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн: Салбар бүрийн 20 ханган нийлүүлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, хамтран ажиллах талаар санал солилцох боломж;
- Оюу толгойн мэдээллийн хэсэг: Орон нутгийн хамтын ажиллагаа, худалдан авалт, хүний нөөц бүрдүүлэлт, байгаль орчны багууд үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар мэдээлэл олгоно;
- Чөлөөт цагийн хөтөлбөрүүд: Асуулт хариултын тэмцээн, мини-гольф, уурхайд аюулгүй ажиллагааг хангахад хэрэглэгддэг зарим тоног төхөөрөмжүүд, гүний уурхайн орчинтой танилцах VR.
- Амралтын бүс: Кофе шоп, амрах хэсэг, интернэттэй орчин



