Бямба гарагт Лондон хотод хэт барууны үзэлтэн Томми Робинсоны зохион байгуулсан “Unite the Kingdom” нэртэй жагсаалд 110,000 гаруй хүн оролцсоныг Британийн нийслэлийн цагдаагийн газар мэдээлжээ.
Цагаачлалыг эсэргүүцсэн энэхүү жагсаалын үеэр дэг журам сахиулахын тулд Лондон хотын цагдаагийн газар 1,600 орчим албан хаагчийг дайчилсан байна.
Энэ үеэр гарсан мөргөлдөөний улмаас 25 хүнийг баривчилсан бол 26 цагдаа бэртсэний дөрөв нь хүнд бэртсэн тухай мэдээлжээ.
Жинхэнэ нэр нь Стивен Йексли-Леннон хэмээх Робинсон бол цагаачлалыг эсэргүүцэгч, исламын эсрэг үзэлтэн юм.
Өнөөдрийн Их Британид гадаадын цагаачид уугуул иргэдээс илүү эрхтэй болсон гэж тэр үзэж байгаа.
Робинсоны жагсаалыг сөрж, “Stand Up to Racism” нэртэй арьс өнгөний үзлийн эсрэг жагсаал зохион байгуулагдахад 5,000 орчим хүн оролцжээ.
Эсрэг хоёр жагсаалын оролцогчдыг мөргөлдөөнөөс сэргийлэхэд цагдаа нар голлон ажилласан байна.


Өнгөрсөн зун Британи даяар цагаачлалын эсрэг тэмцэл идэвхтэй өрнөсөн бөгөөд үүний оргил хэсэг нь Робинсоны жагсаал болжээ. Лондон хотын захад Этиопоос ирсэн эрэгтэй 14 настай охиныг хүчиндэхийг завдаад баривчлагдсаны дараа цагаачдыг түр байрлуулдаг зочид буудлуудын гадаа хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагдаж байв.
Үүнтэй зэрэгцэн цагаачлалыг эсэргүүцэх үзэл баримтлалтай Reform UK нэртэй улс төрийн намын нэр хүнд хурдтай өсөж, яг одоо сонгууль явуулбал Их Британийн хамгийн том улс төрийн хүчин болохоор байгааг саяхан явуулсан санал асуулгын дүн харуулаад байна.
Өчигдрийн жагсагчид “Тэднийг буцаа”, “Завинуудыг зогсоо” гэх мэт уриатай самбар барьсан нь Английн Сувгийг завиар гаталж, Европын эх газраас ирдэг цагаачдыг хэлсэн хэрэг байлаа.
Робинсон цагаачлал, исламын шашныг эсэргүүцдэг “English Defence League” нэртэй хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, Британийн хамгийн нөлөө бүхий үндсэрхэг үзэлтнүүдийн нэг болоод байгаа.
Гэхдээ түүний өчигдөр зохион байгуулсан жагсаалд оролцогчдын тоо 2023 оны арваннэгдүгээр сард Палестиныг дэмжигчдийн зохион байгуулсан жагсаалд оролцогчдын тоонд хүрээгүй байна.
Өмнөх жагсаалд 300,000 орчим хүн оролцож байжээ.
Эх сурвалж: Reuters