Их Британийн алдарт боксчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Рикки Хаттоныг Манчестер хот дахь гэртээ амьсгал хураасныг албаны эх сурвалж баталлаа.
Цагдаагийнхан талийгаачийг ямар нэг гаднын нөлөөгүй нас барсан гэж мэдэгдсэн байна.
Түүнийг нас барсан байж болзошгүй гэх дуудлагыг хөрш нь өгсөн бөгөөд орон нутгийн цагаар өглөөний Ням гарагийн 06:45 цагт хууль сахиулагчид олсон юм.
Ричард Жон Хаттон 1996 онд сонирхогчдын боксын өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хагас шигшээд луйвардуулснаасаа хойш буюу 18 насандаа мэргэжлийн боксод хүч үзэх болсон. Анхны тулаанаа 1997 онд хийж, 2007 оныг хүртэл 43 тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулжээ.
Улмаар АНУ-ын алдарт боксчин Флойд Мэйвезертэй тулалдсан ч 10 дугаар үед шүүгч тоглолтыг зогсоож, Флойдод ялалт өгсөн юм. Улмаар дахин хоёр тулаанд ялснаар Филиппиний Мэнни Пакьяотой 2009 онд хүч үзсэн ч хоёрдугаар үед хүнд цохилтоор дийлдсэн түүхтэй.
Хамгийн сүүлд 2012 онд мэргэжлийн боксод эргэн ирэхээр Украины Вячеслав Сенченкотой тулалдсан ч дахин ялагдсанаар их спортын замналдаа цэг тавьсан юм.
Талийгаач өнгөрсөн зун боксын дэвжээндээ эргэн ирэхээр бэлдэж байгаагаа зарлаж байв. Тодруулбал ирэх арванхоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсад үзүүлэх тоглолт хийхээр төлөвлөж байжээ.
Эх сурвалж: BBC