Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм.
Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 10:00 цагт эхэлнэ.
Ташрамд Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай.
Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын 26 дугаар тогтоолоор дархан цаазат уул болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

