Английн Ливерпүүл хотод болж буй сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өндөрлөх дөхөж байна.
Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж байгаа анхны ДАШТ-ээс Монгол Улс хоёр медаль хүртээд байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг Энэтхэгийн боксчин Минашкид хагас шигшээ ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хоёр жилийн өмнө Энэтхэгийн Дели хотод Олон Улсын Боксын Холбоо (IBA)-ны зохион байгуулсан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.
Ингэснээр Л.Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдоос дэлхийгээс хос медаль хүртсэн анхны тамирчин болж байна.


Тэгвэл эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Японы Соуши Макиног хагас шигшээд 3:2-оор ялалт байгуулснаар алтан медалийн төлөө тулалдах болсон юм. Тэрбээр өнөөдөр Казахстаны Санжар Ташкенбайтай хүч үзнэ. Өдгөө 22 настай казах залуу 2023 оны ДАШТ-ээс алт, 2022 онд тивийн аварга, 2024 онд мөнгөн медаль хүртсэн шаггүй боксчин.
Сонирхуулахад Монголын шигшээ баг 1978 оноос боксын ДАШТ-д оролцож эхэлсэн. Эрэгтэйчүүдээс боксын анхны мөнгөн медалийг Р.Отгонбаяр 1982 онд хүртсэн цагаас хойш нэг алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртжээ.
Манай боксчдоос цор ганц алтан медалийг 2009 онд Италийн Милан хотноо П.Сэрдамба авч байсан түүхтэй.
Одоогийн байдлаар 27 орны тамирчид ДАШТ-ээс медаль хүртээд байна. Өчигдөр гурван жингийн аваргууд тодорсон бөгөөд Энэтхэг, Польш, Узбекистаны тамирчид алтан медаль хүртжээ.