Авто зам дээр нэг тонн гаруй түлш асгарч, Нисэхийн уулзвараас Сонсголон хүртэлх замын хөдөлгөөнийг 22:00 цаг хүртэл хаажээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчимд Сонсголонгийн зам дээр 10 тоннын даацтай шатахууны машин төв зам руу орохдоо крантаа бүрэн хаалгүй хөдөлгөөнд оролцсоноос зам дээр нэг тонн гаруй дизель түлш асгарсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгааг ТЦА-наас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан Нисэхийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэлх хөдөлгөөнийг 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хааж, замын гадаргууг цэвэрлэх ажил явагдаж байна.

Одоогийн байдлаар Сонсголонгийн замын хоёр талыг хааж, аюулгүй байдлыг хангаад байна.

Тухайн байршилд НОБГ-ын гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангиас хоёр техник, найман алба хаагчтай ажиллаж байгаа бол Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон нийслэлийн Замын хөгжлийн газар, Хан-Уул дүүргийн тохижилтын хэлтсийн алба хаагчид чиг үүргийн дагуу яаралтай арга хэмжээг авч ажиллаж байна.

Уг саатлаас шалтгаалан Наадамчдын гудамж, Москвагийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө замуудын хөдөлгөөнд нөлөөлж ачаалал авсан.

Замын гадаргууг цэвэрлэх ажил 22:00 хүртэл үргэлжлэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн